Цэсийн товчлуур бүрийг тусдаа өрөлттэй холбох (2-р хэсэг)

Үндсэн цэсийн товчлуур бүрт тусдаа өрөлт үүсгэж, “Өөр өрөлт эхлүүлэх” үйлдлээр холбон өрөлтийн бүтцээ цэгцлэх алхмууд.

5:46 бичлэг9 алхамШинэчилсэн: 2026.10.01

Энэ заавар нь өрөлтийн бүтэц, зохион байгуулалтын өмнөх зааврын (1-р хэсэг) үргэлжлэл юм. Энд үндсэн цэсийн товчлуур бүрт тусдаа өрөлт үүсгээд, үндсэн цэсээсээ дуудна. Ингэснээр үндсэн цэс цэгцтэй болж, хэсэг бүрийг тусад нь засах боломжтой болно. Эхлэхээс өмнө “Бүтээгдэхүүн”, “Холбоо барих”, “Ажилтантай холбогдох” гэсэн гурван товчлууртай үндсэн цэсийн өрөлт (жишээнд “Undsen tses”) бэлэн байх шаардлагатай.

Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.

Үндсэн цэсийн өрөлтөө нээх

Үндсэн цэсийн өрөлтөө (жишээнд “Undsen tses”) нээнэ. Эхний блокт мэндчилгээний текст болон “Бүтээгдэхүүн”, “Холбоо барих”, “Ажилтантай холбогдох” гэсэн гурван товчлуур байна.

Одоогоор товчлуурууд нь мөн энэ өрөлт доторх Мессеж илгээх (Send Message) блокуудтай холбогдсон байгаа. Бүтээгдэхүүний картууд, ажилтан руу шилжүүлэх үйлдэл бүгд нэг өрөлтөд багтсан байна.

Товчлуураас холбогдсон блокуудыг устгах

Товчлуураас холбогдсон блок дээр дарж сонгоход блокийн дээр жижиг хэрэгслийн мөр гарч ирнэ. Хогийн савны дүрс дээр дарж блокийг устгана.

Ингээд өрөлтөд зөвхөн гурван товчлууртай эхний блок үлдэнэ. Устгасан блокуудын агуулгыг дараагийн алхмуудад тусдаа өрөлт болгон үүсгэнэ.

Товчлуурын үйлдлийг харах

Эхний блок дээр дарж, зүүн талд нээгдэх хэсгээс “Бүтээгдэхүүн” товчлуур дээр дарна. Засах (Edit) цонх нээгдэнэ.

Энэ товчлуур дээр дарах үед (When This Button is Pressed) хэсэгт Мессеж илгээх, Вэбсайт нээх (Open Website), Call Number, Өөр өрөлт эхлүүлэх (Start Another Flow) зэрэг сонголт байна. Өөр өрөлт эхлүүлэх гэснийг сонговол Start Flow #1 блок үүсэж, зүүн талд өрөлт сонгох жагсаалт гарна.

Жагсаалтад зөвхөн өмнө нь үүсгэсэн өрөлтүүд харагдана. Тиймээс эхлээд товчлуур бүрт зориулсан өрөлтөө үүсгээд, дараа нь буцаж ирж сонгоно.

Бүтээгдэхүүний өрөлт үүсгэх

Зүүн дээд буланд байрлах Өрөлт (Flows) дээр дарж өрөлтийн жагсаалт руу буцна. Нэмэх (Add) товчийг дарж, Шинээр нэмэх (Add New) цонхонд “Бүтээгдэхүүн” гэж бичээд Үргэлжлүүлэх (Continue) товчийг дарна.

Шинэ өрөлтийн Мессеж илгээх блок дээр дарж, Мессежийн төрөл (Message Type) жагсаалтаас Messenger гэснийг сонгоно.

Контент нэмэх (Add Content) дээр дарж бүтээгдэхүүнээ зурагтай карт хэлбэрээр оруулна. Карт бүрт зураг (Upload Image), гарчиг (Title), тайлбар (Subtitle) оруулж, Товчлуур нэмэх (Add Button) дээр дарж товчлуур нэмж болно.

Холбоо барих өрөлт үүсгэх

Өрөлтийн жагсаалт руу буцаж, дахин Нэмэх товчийг дарж холбоо барих мэдээллийн өрөлтөө үүсгэнэ. Жишээ нь “Холбоо барих” гэж нэрлэнэ.

Мессеж илгээх блок дээр дарж, Контент нэмэх цэснээс Текст (Text) гэснийг сонгоод хаягаа бичнэ. Жишээ нь “Манай хаяг-Хороо Дүүрэг”.

Текстийн доорх Товчлуур нэмэх дээр дарна. Товчлуурын шошго (Button Label) талбарт “Утас” гэж бичээд Call Number гэснийг сонгоно. Phone number (with Country code) талбарт утасны дугаараа улсын кодтой нь (+976) бичээд Хадгалах (Save) товчийг дарна. Энэ нь тухайн дугаар руу залгах товчлуур болно.

Ажилтантай холбогдох өрөлт үүсгэх

Мөн адил “Ажилтантай холбогдох” нэртэй шинэ өрөлт үүсгэнэ. Мессеж илгээх блокт Текст контент нэмж, “Ажилтантай холбогдож байна” гэх мэт мессеж бичнэ.

Дахин Контент нэмэх дээр дарж Үйлдэл (Actions) цэсний Харилцан яриа (Inbox) хэсгээс Transfer Conversation to Human гэснийг сонгоно. Ингэснээр хэрэглэгч энэ өрөлтөд ороход харилцан яриа ажилтан руу шилжинэ.

Үндсэн цэсийн өрөлт рүү буцах

Өрөлт дээр дарж жагсаалт руу буцна. Шинээр үүсгэсэн гурван өрөлт тань үндсэн цэсийн өрөлтийн хамт жагсаалтад харагдана.

Жагсаалтаас үндсэн цэсийн өрөлтөө (“Undsen tses”) нээнэ.

Товчлуур бүрт өрөлтөө сонгох

“Бүтээгдэхүүн” товчлуур дээр дарж Өөр өрөлт эхлүүлэх гэснийг сонгоно. Үүссэн Start Flow #1 блок дээр дарж, зүүн талын Өөр өрөлт эхлүүлэх жагсаалтаас “Бүтээгдэхүүн” өрөлтөө сонгоно. Блокийн Send Flow хэсэгт сонгосон өрөлтийн нэр гарна.

“Холбоо барих”, “Ажилтантай холбогдох” товчлууруудад мөн адил үйлдлийг давтаж, тус тусын өрөлтийг сонгоно.

Бүтцээ шалгах

Одоо үндсэн цэсийн гурван товчлуур Start Flow #1, Start Flow #2, Start Flow #3 блокуудтай холбогдож, блок бүр өөрийн өрөлтийг дуудаж байна. Блокуудыг чирч, харахад ойлгомжтой байдлаар байрлуулж болно.

Өрөлтийн жагсаалтад нэрийн өмнө шар тэмдэгтэй өрөлт хараахан нийтлэгдээгүй байна. Үндсэн цэсээ болон шинээр үүсгэсэн өрөлт бүрээ нээж, баруун дээд буланд байрлах Нийтлэх (Publish) товчийг дарж нийтлээрэй.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх